Манай цахим хуудсаар зочилж байгаа таньд баярлалаа.

UKMCF бол Их Британи улсад байгаа Христийн Монгол Чуулгануудыг нэгтгэсэн нөхөрлөл, жилээс жилд улам өсөн цэцэглэж буй итгэлийн нэгэн халуун ам бүл билээ.

UKMCF Өчигдөр

Одоогоос 15 жилийн өмнө буюу 2009 оны 4-р сард 10-нд Христэд итгэгч найман монгол ах дүүс Лондонд цугларч, анхны Библи судлалаа хамтдаа хийсэн билээ. Тийнхүү нөхөрлөн суухдаа Англид сурч, амьдарч байгаа монголчуудад Бурханы хайр, Сайн мэдээ, Христэд итгэгч Монголчуудын нөлөөлөл маш их хэрэгтэй байгааг ярилцан, тэдэнд хэрхэн хүрч ажиллах талаар зөвлөлдсөн юм. Энэхүү анхны уулзалтаар Ариун Сүнсний удирдамжийн дагуу бид сард хоёр удаа уулзаж, Библи судлал хийж байхаар санаа нэгдсэн юм. Тэр үед бидэнд уулзах байр, магтан дууны хөгжим зэмсэг байхгүй байсан хэдий ч Starbucks хэмээх кофе цайны газрын дээд давхрын өрөө, эсвэл хэн нэгнийхээ гэрт бид цуглардаг байлаа. ЭЗЭНий Иошуа 1:9 “Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун” гэж хэлсэн үгийг бид зүрхэндээ тээн, Түүнд итгэн үйлчилж байсан.

Бидний Бурхан хэлсэндээ үнэнч, амласанаа биелүүлдэг итгэмжит НЭГЭН билээ. Тэрээр биднийг байраар ивээж бид City Gate сүмийн албан конторт уулзалтаа хийж байх боломжтой болсон юм. Ингээд 2009 оны 6-сарын 2-нд анхны үйлчлэлийн багий , хийх үйлчлэлээ төлөвлөсөн билээ. Итгэгчид Сайн мэдээг хэрхэн тараах, шинэ итгэгчдэд хэрхэн дагалдуулах талаар суралцан, сард нэг удаа Сайн мэдээ тараах хөтөлбөр хийж эхэлсэн. Мөн Ice Cream, Creation movie, Christmas evangelism, Easter хөтөлбөрүүдэд Лондонгийн? олон Монголчууд хамрагдаж, Христ Эзэнийг хүлээн авч, бидний нөхөрлөлийн нэгэн хэсэг болсон. Мөн итгэгчидийн амьдрал Бурханы үгээр хэрхэн өөрчлөгдөж байгааг бид харж, Бурханы агуу захирамжийг биелүүлэх нь ямар чухал, ямар АГУУ ажил болохыг өдрөөс өдөрт ухаарч байлаа.

Лондон дахь итгэгчид маань Сайн мэдээ тараах хөтөлбөр Манчестер хотод 2010 онд мөн Ноттингхам хотод 2011 онд тус тус хийж Английн 3 хотод Христийн Монгол нөхөрлөлүүд анх үүссэн түүхтэй. Итгэгчид маань өдрөөс өдөрт Бурхан Эзэнээ улам бүр хайрлан хүчтэй сайн итгэгчид болон өссөөр ирсэн.

2012 оны 2-р сард Европ дахь Христ итгэгчдийн анхны нэгдсэн Конференц Англи улсад анх зохион байгуулагдсанаас хойш жил бүр Европын өөр өөр хотуудад уламжлал болсон. Бурхан Их Британы бусад хотуудад төдийгүй Европ, Ази, Америк тивийн олон улс орнууд рүү илгээж, өнөөдөр Тэнгэрийн хаанчлал газар сайгүй тэлэгдэн аврагдагсдын тоо нэмэгдсээр байгаад Эзэн Бурхандаа алдар магтаалыг өргөе.

Мөн UKMCF-д үйлчилж байсан удирдагчид, тухайлбал Пастор Б. Мөнх-Эрдэнэ, Пастор Д. Одонтөгс, Пастор Г.Баяржаргал, Пастор Барнаб, Лондонгийн цуглааны анхны ахлагч Баасанжав, Ноттингем цуглааны анхны ахлагч Базаргүр, Францис нарт болон үйлчлэлийн багт итгэмжтэйгээр үйлчилж байсан итгэлийн бүх ахан дүүстээ чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.

UKMCF Өнөөдөр

Одоо Их Британд Лондонгийн Ивээлийн гүүр, Манчестер MCF, Төв Английн бүс нутагт Гэрэл гэсэн үндсэн гурван Чуулган хот орон нутгийнхаа англи сүмүүдтэй хамтран үйл ажиллагаа явуулж байна. 

Тус нөхөрлөлд бас Их Британд өөр олон хотуудад тархан суурьшсан итгэгчид болон тэдний гэр бүл хамрагддаг. Мөн байнгын оршин суугчдаас гадна UK-д урт богино хугацаагаар түр оршин суугчид, тухайлбал оюутнууд, мишионарууд, аялан жуулчлагчид, гэр бүлийн визээр ирсэн итгэгчдийн гэр бүлийнхэн ч энд байх хугацаандаа бидний нэгэн хэсэг болдог.

Сар бүрийн хүндэтгэлийн нэгдсэн онлайн цуглаан

Их Британи дахь бүх Монгол итгэгчид сард нэг удаа бүтэн сайнд хамтдаа цуглаж төрөлх монгол хэл дээрээ ЭЗЭН-д магтаал хүндэтгэлийг өргөж, Библийн үгээс номлол сургааль сонсож нөхөрлөдөг. Хотуудын 3 чуулган хуваарийн дагуу энэ цуглааныг ээлжлэн зохион байгуулдаг. Манай онлайн цуглаанд таныг байгаа газраасаа оролцохыг урьж байна.

UKMCF Нэгдсэн Конференц

“Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.“ Еврей 10:25 Эзэний үгийн дагуу UK-д байгаа бүх итгэгчид бид болон бидний гэр бүл найз нөхөдтэйгээ жилд нэг удаа Конференц зохион байгуулдаг. 

Библийн Сургууль

UKMCF Удирдах Зөвлөл нь чуулганы ахлагчид болон үйлчлэлийн багт үйлчилж буй итгэгчдийг Бурханы үгээр хүчирхэгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байна. 2020 оноос эхлэн Diaspora Mongolian Leadership Institute www.diasporamonolians.com, Gateway Seminary, www.gs.edu дэргэдэхь Библийн сургуульд UK-ээс 2023 онд 2 оюутан төгссөн бол энэ жил 6 оюутан суралцаж байна. Тус Библийн сургуулийн хичээлийг доктор Б.Мөнх-Эрдэнэ багш удирдан онлайнаар явуулж байна. 

Та чуулганд хамрагдахыг хүсэж байна уу?

Их Британи улс дахь Монголчуудын Христийн Нөхөрлөл чуулган та бүхний өмнө үргэлж нээлттэй байна. Та хэрэв айлчлан ирэхийг хүсвэл манай хаягаар шууд ирэх буюу дараах мэйл хаягаар бидэнтэй харилцаарай.  Манай имэйл хаяг: admin@ukmcf.com

САЛБАР ЧУУЛГАНУУДЫН ХАЯГ, БАЙРШИЛ

Салбар чуулгануудын хаяг, байршлыг Энд дарж харна уу.